Saturday, June 18, 2016

Өөрийгөө хэрхэн олох вэ?

"Бяцхан туршлага"
Хамгаас хайртай зарим хүмүүсдээ зориулж өөрийнхөө бяцхан туршлагаас хуваалцхаар шийдлээ. Мундагчуудын дэргэд би хэн ч биш ч гэлээ энэ талаар тэдний ам нээгдэхийг  хүлээвэл удах байх. 

Эхлэл : 
        Би хүсэл биелүүлдэг өвлийн өвгөнд итгэдэг. Тэгээд өнгөрсөн 12 сарын 31 нд шинэ жилийн орой их удаан бодож бодож нэг зүйл гуйсан нь  :  "Би өөрийгөө олохыг маш их хүсч байна" гэсэн хүсэл байв.

- Би хэн юм бэ?
- Юуны төлөө амьдраад байгаа юм бэ?
- Миний хамгийн сайн хийж чадах тэр зүйл юу вэ?

Би зүгээр үр удмаа үлдээж, дараа нь хөгшрөөд үхэж л таараа. Энэ хооронд би юу хийж амьдрах вэ? Яавал аз жаргалтай, хүнд хэрэгтэй амьдрах вэ?

Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч
Хэзээ ч амьдраагүй юм шиг үхнэ гэдэг миний хувьд лав аймшигтай.

Асуултандаа хариулт олохын тулд :  Зарим нэг ном эргүүлж, тест бөглөж, гэрийнхнээсээ ямар хүн гэдгээ асууж байлаа.

Энэ бүхний эцэст
"Тиймээ, энэ л миний хийх ёстой зүйл яг мөн байна, би үүний төлөө төржээ..." гэсэн мэдрэмжийг нэгэн зүйлээс олж авсан.  
Яг л Стив Жобсын хэлсэн : 
"Та хайж байсан зүйлээ олох хүртлээ тэр нь чухам юу байсныг мэдэхгүй."  гэсэн үг үнэн байжээ.

Өөрийгөө оллоо гэж мэдэрснээс хойш надад юу тохиолдсон бэ? 

   Ер бусын тайван бөгөөд бат итгэлтэй мэдрэмж төрсөн. Миний амьдралын өдөр бүхэн хэмжээлшгүй их аз жаргал болж хувирсан. Надад ямар ч айдас, эргэлзээ, бухимдал, стресс, гуниг гутрал, гомдол гэж байхгүй болсон.  Эргэлзээ арилсан болхоор ямар ч асуултын хариулт нь тодорхой байдаг болов.
     Хийж буй ажил нэг бүрээсээ таашаалыг мэдэрдэг болсон.  Хичээгээгүй байхад ч бүх зүйлс аяндаа өөрөө л бүтдэг болсон. Өөрөөр би илэрхийлж чадахгүйнээ. Үүнийг зөвхөн мэдэрч л болдог байх.  

Харин та ч бас өөрийгөө олоорой. 

    Анх их сургуулиа Програмист гэдэг мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ ажилласан 6 сар  миний амьдралын хар дарсан өдрүүдийн нэг байв. Нүд эрээлжилсэн тэр кодуудыг хараад дотор муухайрч толгой эргэдэг байв. Учрыг нь олох гэж хамаг нервээ бардаг байв. Өдөр бүр цаг хурдан өнгөрөөсөө гэж бугуйн цагаа хэдэн арвантаа ширтдэг байв. Бүтээмжгүй байна гэж загнуулдаг байв. Өөрийгөө үнэхээр суга юмаа гэж бодож байлаа. Цалин буухаар л МӨНГӨ гэж баярладаг байв. Тэгээд тэсгэлгүй захирал дээрээ очоод "Энэ миний хийх ажил биш байнаа,  IT -гийн албанаас өөр албаруу шилжүүлж өгөөч " гэж гуйж байлаа. Код л биш бол өөр юу ч хийхэд бэлэн байв. 

Гэхдээ одоо бодоход :
  Цалингаас нь болж дургүй ажилтайгаа зууралдалгүй, зоригтой шийдвэр гаргаж байх ёсгүй газраасаа эртхэн явсандаа баярладаг. Мөнгөгүй хэцүү өдрүүд аймаар олон байсан ч миний гаргасан бүх шийдвэр маш зөв байсан. Би тийм ч толгой муутай биш гэдгээ илүү ихээр мэдрэх болов. 

Өөрийгөө хэрхэн олох вэ? 

    Өөрийгөө өөрөөсөө л асуу ! Ямар ч лам, бөө, үзмэрч таныг танаас илүү мэдэхгүй. Бусад хүмүүс зөвхөн таныг гаднаас чин харж үг үйл хөдлөлөөр нь дүгнэхээс биш сэтгэлрүү чин өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч, өөрийгөө сонсож сурах шаардлагатай болно. Ямар үед уурлаж, юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил намайг хойш чангаагаад байна? Юун дээр өөрийгөө зовоогоод байна? Бас юу хийхээрээ илүү аз жаргалтай сайхан байна? Миний хийх дуртай зүйл юу байна? Миний хүсэл мөрөөдөл юу вэ? гэх мэт. Хамгийн чухал нь :
     Өөрийгөө олох асар их хүсэл тэмүүлэлтэй бай, тэгээд өөртөөгөө хамт байх цагийг өөртөө гарга. 

    Өөрийгөө хуурч, хүчилж, бүхнийг болж байгаа мэтээр дүр эсгэхээ зогсоо. Өөртөө үнэнч байж, өөртөө чин сэтгэлээсээ ханд. Чиний л амьдрал. Бусад хүн юу гэж хэлэх бол гэж хэзээ ч битгий бод. Хичнээн чиний хайртай ээж аав, ах эгч, найз чинь чамд зааж, зааварлаж,  зөвлөж байлаа ч , эсвэл тэд чиний гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн ч гэлээ өөрийнхөө л зөв гэж бодсон тэр л замаар яв.

Бусдад таалагдах гэж, бусдын ая тавыг нь олох гэж өөрийгөө золиослох хэрэггүй.  Харин ч өөртөө таалагдаж , ая тухтай байснаараа чи бусдад таашаагдах боломжтой болдог юм байна гэж би боддог болсон.  Насан туршдаа аз жаргалтай амьдрах сонголтоо чи өөрөө бүтээх эрхтэй.

    Иймд бусдын бодол санаа чухал ч гэсэн эцсийн шийдвэр зөвхөн чинийх байх ёстой !!!  Аль ч тохиолдолд  эцсийн хариуцлагаа  чи өөрөө л үүрэхээс хойш. 

Чи хором мөч бүр аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, ямар нэгэн гайхалтай зүйлийг хийж бүтээж, дэлхий ертөнцдөө өөрийнхөө сайн хувь нэмрийг оруулахаар ирсэн.  Түүнээс үхэх гэж төрөөгүй нь лавтай. 


Ингээд өөрийгөө хайх аянд мордоход бэлэн үү? 
Өөртөө ямар асуулт тавихаа мэдэж байгаа биз дээ!!! 









3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Saihan zuwluguu bn. Zoloodoo bayarlalaa 😀😀😀

    ReplyDelete
  3. ymr goe ym be nadad yg iim ym tohioldood b gaa ym unshaad shn bolchhlo bayrllaa

    ReplyDelete

Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа