Thursday, July 7, 2016

Эртэч эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэхийг урьж байна

Би эртэч эмэгтэй.  Өглөөний хүн болохын тулд 2 жилийн турш өөртэйгээ тэмцэж ирсэнийг зарим нэг фэйсбүүкийн найзууд мэдэх байх.  Гэхдээ яагаад өөрийгөө тамлан байж 5 цагт үсдэж босгох ёстой гэж? гэсэн асуултанд хариулах миний цорын ганц хариулт бол :
(За шууд тайлбар өгөхгүй бүүр эхнээс нь товчхон явъя.)
Унтаахай болсон нь :

Анх хүүхдээ гаргаад гэртээ нэг жил байх хугацаанд бүхий л ээжүүдийн адил шөнө хүүгээ хөхүүлээд нойр муутай хонож өдөр нь хүүтэйгээ эн зэрэгцэн унтах болсоноор энэ бүхэн эхэлсэн юм. Хүүхэд томорч, цэцэрлэгт орж, шөнө бүтэн нойртой хонодог болсон ч ээж гуай өглөөгүүр сайхан унтдаг хэвээрээ л байв. 7 цагт тавьсан сэрүүлгээ snooze хийсээр 8:30 –д босоод гэр дотроо мөргөлдөх шахам зөрөлцөж, угаалтуур нойлоо булаацалдаж, өглөө цайгаа ч уухгүй хам хум хувцаслан гарч, цэцэрлэг хаалгаа барихын даваан дээр арай чүү амжин хүүгээ оруулж өгөөд Ёоох гэж санаа амраад ажилдаа явдаг байв. Хувиараа юм хийхийн давуу тал нь хүссэн цагтаа ажилдаа ирж болдог нь сайхан юм даа... гэж бодон додигор байдаг байваа нэг хэсэг.

Тэмцэл хийсэн нь :
Урьдийн адил хоцрох шахам хүүгээ цэцэрлэгт нь өгөх гээд явж байхдаа нэг төгс эмэгтэйг цэцэрлэг дээр харж өөрийгөө харьцуулсанаар ухаарал ирсиймдаа. Тиймэрхүү зүйлийн дараа бол эрт босох арга чарга хайж зөндөө гүүглдэв. Тэгж яваад янз бүрийн арга хэрэглэж,  фэйсбүүк дээр найзуудынхаа өмнө амлалт хүртэл өгч өөрийгөө олны өмнө шатааж байв.  Найзууд уулзаж таараад ярины эхний сэдэв: Чи өглөө эрт босдог хэвээрээ юу ? ч гэжаах шиг.  Заримдаа хариулхаас гялс бултаж, ярианы сэдвийг нь өөрчлөнө, заримдаа бантсандаа тиймээ босжийгоошдээ гэж худлаа хариулж, заримдаа No, I’m Looser гэж хэлдэг байв. Аймшигтай хариулт.

Өглөөний хүн болсон нь :
Яг хэзээнээс өглөөний хүн болсоноо санахгүй байна. Маш их тэмцэл хийж, өөрийгөө хүчилж байх үед би өглөөний хүн болж чадаагүй. Маш их стресстэй, бухимдалтай байдаг байсан. Дахиад л чадсангүй, дахиад л унтчихсан байна гэсэн мэдрэмжтэй босно гэдэг там байлаа...
 Харин бясалгалд явсаны дараанаас багшийн хэлсэн : Бүхнийг энгүүн тааваараа хий гэсэн үг намайг өөрчлөв. Нэг л өдөр бүх зүйлийг зөнд нь хаясан.
Тэмцэхээ больсон тэр үеэс,
Зарим өглөө ядраад унтчихдаг байсан ч өөрийгөө уучилж сурсан тэр мөчөөс
Өөрийгөө хайрлаж, жоохон ч гэсэн амжилтаа дэмжих болсон тэр үеэс л  өглөөний хүн болж эхэлсэн байх гэж бодох болов.

Өглөөний эмэгтэйн гоё мэдрэмж:
Гайхамшигтай.  Ихэнхдээ сэрүүлэг дугархаас өмнө сэрдэг болов. Өглөө урьд урьдийнхаас илүүтэй тайван, аз жаргалтай байдаг болов. Өглөөг сайхан угтсанаар тэр өдөржингөө тийм мэдрэмж дунд байдаг болов. Өглөөний цайгаа бэлдэж гэр бүлээрээ уугаад гардаг болов. Нэг ч сандрал, яарал гэсэн мэдрэмжгүй болов. Ажилдаа 8 цагт ирэхэд аль хэдийн эхний хүн 7:30-д ирчихсэн байвал яахуу? Тийм шүү, эртэч хамт олонтой болов. Гол ажлуудаа 8 -10 цагийн хооронд цнцрааааан гээд л хийчихдэг болов. Бүтээлч цагийг зөв, үр дүнтэй ашиглах болов. Тиймээ, бид тун ч удахгүй салбартаа эксперт нь болох нь тодорхой. Жоохоон цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд л болоо. Өглөөний эмэгтэй өөр олон олон ажлыг амжуулж сурч байна.

Эртэч эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэх хүмүүст хэлэг үг:
Аливаа зуршлыг өөртөө бий болгохын тулд 21-40 өдөр тасралтгүй хийх хэрэгтэй гэж олон ч номноос уншсан даа. Youtube –дээр ч энэ талаар зөндөө байгаа. Зун цаг бол өглөөний хүн болж сурахад хамгийн тохиромжтой сайхан цаг. Чи эрт босох талаар их удаан бодсон бол одоо үйлдэл хийх цаг болжээ.  Надад ирсэн өөрчлөлт миний хувьд маш чухал амжилт байсан.
 Энэ бяцхан амжилт миний гэр бүлийн амьдралд, миний ажилд, миний өөртөө итгэх итгэлд үр шимээ  өгсөн.  
Одоо илүү олуулаа болцгооё. Би бүх туршлагаа хуваалцахад бэлэн байна.
Зуршил бүтээгч гэдэг номонд ийм нэгэн санаа байдаг:
-          Чи өөрийнхөө ганцхан гол муу зуршлыг өөрчилсөн байхад дагаад маш олон гайхалтай шинэ зуршлууд аяндаа бий болдог гэж...
Тэр үнэхээр үнэн. Би өглөө босохын тулд орой эрт унтдаг, хүүхдүүдээ эрт унтуулж, оройдоо бэлтгэлээ хангадаг болсон гэх мэт...
Эмэгтэй хүн эрт босох шалтгаан нь нөхрийнхөө төлөө биш, хүүхдүүдийнхээ төлөө биш, өөрийгөө хөгжүүлэхийн төлөөтөд байгаасай гэж хүснэм.

Иймд Өглөө эрт босох хүсэлтэй, түүний үр шимийг хүртэхийг хүсэгчдэд туршлага хуваалцах зорилготой Эртэч эмэгтэйчүүдийн фэйсбүүк групп нээснээ мэдэгдэж байна. Хамтдаа хичээцгээе.  

Friday, July 1, 2016

Гэр бүл үү? Карьер уу? (Эмэгтэйчүүдэд хамаатай сэдэв. Гэхдээ эхнэртэй эрчүүд унш)

Надад гурван төрлийн найз байдаг.\
  1.   Карьер хөөсөн мундаг эмэгтэйчүүд. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж, өөрийгөө цаг ямагт боловсруулж, тушаал ахиж, эрчүүдтэй эн зэрэгцэн үзэлцдэг. Хаа нэгтэй удирдах албан тушаалд л байдаг. Өөртөө бүхнийг зориулдаг. 
  2. Сайн гэрийн эзэгтэй чүүд.  Хүүхдүүдээ сайн харж, гэрээ сайн цэвэрлэж, хоолоо сайн хийж нөхрөө сайн халамжилдаг гайхамшигтай бүсгүйчүүд.  Гэр бүлдээ бүхнийг зориулдаг.
  3. Дээрх хоёрын аль нь  ч биш ч гайхамшигтай гэр бүлтэй, гайхалтай ажил  төрөлтэй бүхнийг амжуулж, ажлаа ч амьдралаа ч тэнцвэртэй авч явдаг бүсгүйчүүд. Өөртөө ч гэр бүлдээ ч цагаа зориулж чаддаг.

Эхний бүлэгт хамаарах найзууд мэдээж ганц бие, хоёр дахь бүлэгт хамаарах найзууд мэдээж ажил хийдэггүй. Гурав дахь бүлгийнх нь хэтэрхий эрч хүч, тэмүүлэлтэй. Гэхдээ үнэн күүл.

Эхний бүлгийн найзуудын асуудал : Эрчүүдийг голдог, хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Цаашдаа ч улам бүр голох хандлагатай.

Хоёр дахь бүлгийн найзуудын асуудал:  Гэрээсээ гардаггүй. Найзуудтайгаа уулздаггүй, өөрийгөө гээсэн эсвэл гээх шатандаа орж буй бүсгүйчүүд. (Энд нөхрүүд бас буруутай.)

Гуравдах бүлгийн найзуудын асуудал : Асуудлаа яаж шийдэх вэ? гэдэгт хариулт олох. Тэд ямар ч асуудал гарсан яаж ийгээд л зохицуулж орхидог.  Бүхнийг амжуулахын төлөө зүтгэдэг, тэмцдэг.

          Бид өөрсдийн хийсэн сонголтоороо л амьдардаг.  Тийм эрх нь ч бий.  Гэхдээ миний бодлоор сонголт гэдэг  нь  А юмуу Б хувилбараас аль нэгийг нь  сонгоно гэсэн үг биш.  Энгийнээр ажил юмуу карьерын аль нэгийг сонгох биш хоёуланг нь сонгох сонголт ч бас бидэнд байдаг.

        Хүн гэдэг нийгмийн амьтан. Нийгмийн хамгийн жижиг нэгж нь гэр бүл.  Хүнд гэр бүлээсээ аз жаргал, хайрыг мэдэрч, мэдрүүлэх хэрэгцээ шаардлага мэдээж байдаг.  Түүнээс цааш нийгэмтэйгээ харьцаж өөрийгөө илэрхийлж, бусадтай харилцаж оршин буйгаа мэдрэх  нь  маш чухал гэж би боддог. Эс бөгөөс гэртээ л байгаад байвал аажимдаа зэвэрч эхлэнэ. Өөрийгөө ч тоохоо больж, үнэ цэнээ алдаж, өөрийгөө гээж эхлэнэ. Нөхөртөө ч гээгдэж болзошгүй.  Би хэн бэ гэдгээ бүр мөсөн мартах болно.  Тэгээд нэг л өдөр эмээ болно.
Дараах асуултыг өөрөөсөө асуух болно:
-          Би юуны төлөө амьдрав? Юу хийж бүтээв?
-          Хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан билүү ? 
-          Аз жаргалтай амьдарч чадсан уу?  гэж . 

 Хариулт нь сайнгүй  байвал :

Хэрвээ  Цаг хугацааг ухраавал, би ийм биш тийм сонголтыг хийх байсан гэж мөрөөдөнө.
Гэхдээ тэр үед  аль хэдийн бүх зүйл оройтсон байх болно.

Тэгж харамсахыг хүсэхгүй байгаа бол  өөрөө тэмцэх хэрэгтэй байхаа. Ядаж л өглөө эрт бос. (Удахгүй эртэч эмэгтэйчүүдийн клубын талаар дараагийн блогтоо оруулнаа. )

Эхнэрээ гэртээ суулгах дуртай нөхрүүдэд :

Хайр бол өмч биш, хайртай хүндээ дүүлэн нисэх эрх чөлөөг эргэн ирэх шалтгаантай нь өгдөг байхыг хэлдэг гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг.  Эхнэрээ хэзээ ч бүү өмчил.  Хүсэл сонирхолыг нь хэзээ ч бүү унтраа. Хайртай л юм бол түүнийгээ дэмж, хүсэл мөрөөдлөөр нь амьдруул.  Яг л цэцгэнд ус өгвөл ургаж, ус өгөхгүй бол хатаж үхдэгтэй адил. Хайрыг өгөх тусам өсөж үрждэг, харамлах тусам хатаж хорчийдог.
Эр хүнийг үнэлэхдээ хажууд  ханилан сууж буй бүсгүйнх нь нүдний гал цогоор дүгнэж болдог гэж хэн нэгний хэлсэн үг зурсхийв.  Та яг одоо эхнэрийнхээ нүдийг хараад өөртөө дүн тавиараа. Хэрвээ онц тавьсан бол баяр хүргэе. Мундаг юмаа гэж хэлмээр байна. Харин муу тавьсан бол яг өнөөдөр эхнэртэйгээ ярилц, хүсэл мөрөөдлийг нь асуу. Аз жаргалтай байгаа эсэхийг нь асуу, яаж би чамд туслах  вэ? гэж асуу. Эхнэр чин хүсэл мөрөөдлөө мэдэхгүй байгаа бол хамтдаа хайлц. Хайрыг өг. Бүү харамла. 





Thursday, June 23, 2016

Хэрхэн ямар ч алдаа гаргахгүй, бүх зүйлийг төгс хийх вэ?

Din din :  Энэхүү блогийг дөнгөж саяхан мартахын аргагүй аймаар том алдаа гаргасан нэгэн ажилтандаа, харц нь гунигтай байх болсон нэгэн найздаа зориулав.

   Буруу шийдвэр, алдаатай сонголт, муу гүйцэтгэл гэж хэзээ ч байдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
Яагаад би тэгж боддог вэ гэвэл :
   Ямар ч хүн үргэлж л зөв шийдвэр гаргаж, зөв сонголт хийж, хамгийн сайнаараа л аливаа ажлыг  гүйцэтгэхийг зорьдог. Дүүрчихсэн тэнэг, хорон санаатай садист биш л бол хэн ч мэдсээр байж албаар буруу шийдвэр гаргаж , тэнэглэж амьдрахыг хүсэхгүй нь лавтай.

Тухайн цаг үед таны зөв гэж бодсон бүхэн зөв, хамгийн сайнаараа хийлээ дээ  гэж бодсон бодол чин ч бас үнэн байсан.  Гэхдээ л  өнөөдрийг хүртэл хамгийн зөв гэж бодсоноо л хийж ирсэн атал бүх зүйл бүтэлгүйтэх үед юун түрүүнд өөрийгөө л буруутгаж гунигийн бараан үүлийг өөр дээрээ дуудаж, хүйтэн бороонд ганцаархнаа норохыг хүсэх хэрэггүй.

   Өнгөрсний буруу шийдвэр, өнгөрсний гуниг харуулсал, өнгөрсний алдаа...

Энэ бүхнийг байнга л  санагалзан дурсаж одоодоо авч ирсэнээрээ одоогоо гуниг харууслаар дүүргэж дараагийн ганц хоромд ч аз жаргалгүй байх шалтгаанаа бүтээж, дахин алдах учир шалтгааны үр үндсийг ургуулсаар байдаг.

Яагаад тэгэх ёстой вэ? Бүх зүйл өнгөрсөнд болоод өнгөрсөн шүү дээ.

оРокит Бэйгийн дуун дээр гардаг :
... Чиний онгойлгосон хаалга бүр зөв байгаагүй
Урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй...  гэдэг шиг.

    Нээж үзэхээс нааш мэдэхгүй гэдэг бол үнэн.  Гэхдээ нээсэн хаалга  чин бас алдаа байсан гэдгийг хэн батлах юм бэ? Алдаа бүхэн чин өөрөө асар том сургамж биш гэж үү? Сургамж бүхэн чамд туршлага болж, чамайг  хатуужуулж, илүү хүчтэй болгосоноороо чиний амжилтын нэгэн гишгүүр шат нь болдог биш гэж үү?
     Амьдрал чиний дааж чадах ачааг л чамд үүрүүлдэг гэдэг үг байдаг. 
Амьдрал чамайг сургаж, илүү хүчирхэг нэгэн болгох  гээд байхад түүнийг нь ойлгохгүй уйлж унжаад, нусаа хацартаа наагаад яваад байх юмаа.  Хүчтэй бай л даа найзаа.  Хувь заяатайгаа эвлэрч бууж өгөхийн оронд тэмц л дээ над шиг.

 Хэрвээ нөхцөл байдлыг  чи өөрчилж чадахгүй бол түүнд хандах хандлага, харах өнцгөө өөрчлөх нь хамгийн зөв шийдвэр байх болно.
Өнгөрсөн бүхэнтэйгээ зууралдаад байлгүй : 

"What is the next right move?"  гэж өөрөөсөө байнга асуу!  


Миний бодлоор буруу шийдвэр, алдаатай сонголт, муу гүйцэтгэл гэж хэзээ ч байдаггүй.  Харин таны бодол?

Saturday, June 18, 2016

Өөрийгөө хэрхэн олох вэ?

"Бяцхан туршлага"
Хамгаас хайртай зарим хүмүүсдээ зориулж өөрийнхөө бяцхан туршлагаас хуваалцхаар шийдлээ. Мундагчуудын дэргэд би хэн ч биш ч гэлээ энэ талаар тэдний ам нээгдэхийг  хүлээвэл удах байх. 

Эхлэл : 
        Би хүсэл биелүүлдэг өвлийн өвгөнд итгэдэг. Тэгээд өнгөрсөн 12 сарын 31 нд шинэ жилийн орой их удаан бодож бодож нэг зүйл гуйсан нь  :  "Би өөрийгөө олохыг маш их хүсч байна" гэсэн хүсэл байв.

- Би хэн юм бэ?
- Юуны төлөө амьдраад байгаа юм бэ?
- Миний хамгийн сайн хийж чадах тэр зүйл юу вэ?

Би зүгээр үр удмаа үлдээж, дараа нь хөгшрөөд үхэж л таараа. Энэ хооронд би юу хийж амьдрах вэ? Яавал аз жаргалтай, хүнд хэрэгтэй амьдрах вэ?

Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч
Хэзээ ч амьдраагүй юм шиг үхнэ гэдэг миний хувьд лав аймшигтай.

Асуултандаа хариулт олохын тулд :  Зарим нэг ном эргүүлж, тест бөглөж, гэрийнхнээсээ ямар хүн гэдгээ асууж байлаа.

Энэ бүхний эцэст
"Тиймээ, энэ л миний хийх ёстой зүйл яг мөн байна, би үүний төлөө төржээ..." гэсэн мэдрэмжийг нэгэн зүйлээс олж авсан.  
Яг л Стив Жобсын хэлсэн : 
"Та хайж байсан зүйлээ олох хүртлээ тэр нь чухам юу байсныг мэдэхгүй."  гэсэн үг үнэн байжээ.

Өөрийгөө оллоо гэж мэдэрснээс хойш надад юу тохиолдсон бэ? 

   Ер бусын тайван бөгөөд бат итгэлтэй мэдрэмж төрсөн. Миний амьдралын өдөр бүхэн хэмжээлшгүй их аз жаргал болж хувирсан. Надад ямар ч айдас, эргэлзээ, бухимдал, стресс, гуниг гутрал, гомдол гэж байхгүй болсон.  Эргэлзээ арилсан болхоор ямар ч асуултын хариулт нь тодорхой байдаг болов.
     Хийж буй ажил нэг бүрээсээ таашаалыг мэдэрдэг болсон.  Хичээгээгүй байхад ч бүх зүйлс аяндаа өөрөө л бүтдэг болсон. Өөрөөр би илэрхийлж чадахгүйнээ. Үүнийг зөвхөн мэдэрч л болдог байх.  

Харин та ч бас өөрийгөө олоорой. 

    Анх их сургуулиа Програмист гэдэг мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ ажилласан 6 сар  миний амьдралын хар дарсан өдрүүдийн нэг байв. Нүд эрээлжилсэн тэр кодуудыг хараад дотор муухайрч толгой эргэдэг байв. Учрыг нь олох гэж хамаг нервээ бардаг байв. Өдөр бүр цаг хурдан өнгөрөөсөө гэж бугуйн цагаа хэдэн арвантаа ширтдэг байв. Бүтээмжгүй байна гэж загнуулдаг байв. Өөрийгөө үнэхээр суга юмаа гэж бодож байлаа. Цалин буухаар л МӨНГӨ гэж баярладаг байв. Тэгээд тэсгэлгүй захирал дээрээ очоод "Энэ миний хийх ажил биш байнаа,  IT -гийн албанаас өөр албаруу шилжүүлж өгөөч " гэж гуйж байлаа. Код л биш бол өөр юу ч хийхэд бэлэн байв. 

Гэхдээ одоо бодоход :
  Цалингаас нь болж дургүй ажилтайгаа зууралдалгүй, зоригтой шийдвэр гаргаж байх ёсгүй газраасаа эртхэн явсандаа баярладаг. Мөнгөгүй хэцүү өдрүүд аймаар олон байсан ч миний гаргасан бүх шийдвэр маш зөв байсан. Би тийм ч толгой муутай биш гэдгээ илүү ихээр мэдрэх болов. 

Өөрийгөө хэрхэн олох вэ? 

    Өөрийгөө өөрөөсөө л асуу ! Ямар ч лам, бөө, үзмэрч таныг танаас илүү мэдэхгүй. Бусад хүмүүс зөвхөн таныг гаднаас чин харж үг үйл хөдлөлөөр нь дүгнэхээс биш сэтгэлрүү чин өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч, өөрийгөө сонсож сурах шаардлагатай болно. Ямар үед уурлаж, юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил намайг хойш чангаагаад байна? Юун дээр өөрийгөө зовоогоод байна? Бас юу хийхээрээ илүү аз жаргалтай сайхан байна? Миний хийх дуртай зүйл юу байна? Миний хүсэл мөрөөдөл юу вэ? гэх мэт. Хамгийн чухал нь :
     Өөрийгөө олох асар их хүсэл тэмүүлэлтэй бай, тэгээд өөртөөгөө хамт байх цагийг өөртөө гарга. 

    Өөрийгөө хуурч, хүчилж, бүхнийг болж байгаа мэтээр дүр эсгэхээ зогсоо. Өөртөө үнэнч байж, өөртөө чин сэтгэлээсээ ханд. Чиний л амьдрал. Бусад хүн юу гэж хэлэх бол гэж хэзээ ч битгий бод. Хичнээн чиний хайртай ээж аав, ах эгч, найз чинь чамд зааж, зааварлаж,  зөвлөж байлаа ч , эсвэл тэд чиний гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн ч гэлээ өөрийнхөө л зөв гэж бодсон тэр л замаар яв.

Бусдад таалагдах гэж, бусдын ая тавыг нь олох гэж өөрийгөө золиослох хэрэггүй.  Харин ч өөртөө таалагдаж , ая тухтай байснаараа чи бусдад таашаагдах боломжтой болдог юм байна гэж би боддог болсон.  Насан туршдаа аз жаргалтай амьдрах сонголтоо чи өөрөө бүтээх эрхтэй.

    Иймд бусдын бодол санаа чухал ч гэсэн эцсийн шийдвэр зөвхөн чинийх байх ёстой !!!  Аль ч тохиолдолд  эцсийн хариуцлагаа  чи өөрөө л үүрэхээс хойш. 

Чи хором мөч бүр аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, ямар нэгэн гайхалтай зүйлийг хийж бүтээж, дэлхий ертөнцдөө өөрийнхөө сайн хувь нэмрийг оруулахаар ирсэн.  Түүнээс үхэх гэж төрөөгүй нь лавтай. 


Ингээд өөрийгөө хайх аянд мордоход бэлэн үү? 
Өөртөө ямар асуулт тавихаа мэдэж байгаа биз дээ!!! 









Tuesday, June 14, 2016

Ховорхон тэнэгийн хосгүй туршлага


        Хүмүүс бид бүгд л амьдрахын төлөө тэмцэнэ, хаашаа ч юм байнга л яарч байх боловч түрхэн зуурч  болов амсхийж “Энэ бүхэн юуны тулд билээ?, Би хаашаа явж байна вэ?, Надаас хойш юу үлдэх вэ? гэж бодох боломж өөртөө даан ч гаргадаггүй.  Ажилдаа явна, ажлаасаа ирнэ,ажилдаа явна, ажлаасаа ирнэ. Яг л түлхүүрддэг баадуутай хүүхэлдэй шиг. 

        Ядахдаа ганц цаг өөртөө зориулж, ганцаараа байж, өөртэйгээ танилцаж байсан билүү?  Бид өөрсдөөсөө юу юунаас илүү айж, аль болохоор холдон зугтахыг оролддог. Бид олон зүйл мэддэг боловч өөрийгөө мэддэггүй. Магадгүй таны өнгийж харахаасаа айдаг сэтгэл зүрхний тань хаа нэгтээ гүнд Таны жинхэнэ мөрөөдөл нуугдмал байж байгаа ч юм билүү?
Өөрийгөө танин мэдэх, жинхэнэ мөн чанараа олно гэдэг нь :
-  Өөрийгөө бие хүний хувьд нээж,бүтээлч чадвараа илрүүлэн, сэтгэлдээ нийцсэн ажил төрлөө олж, зөвхөн сэтгэл санаагаар төдийгүй  материаллаг эд баялагтай болох боломжийг олгодог.

Гэвч ихэнхи тохиолдолд бид эсрэгээр нь үйлддэг. Өөрөөсөө зугтаж, дургүй ажлаа хийж, өөртөө сэтгэл хангалуун бус амьдарсаар байдаг. Өөрийгөө цаг ямагт бусадтай харьцуулж,  үл хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэртээ байнга эргэлзэж амьдардаг. Энэ бүхнээс болж та сүйрлийн балчиг намагт шигдсээр байдаг. Та нэг гараараа барьж байгуулсан ч нөгөө гараараа нураан сүйтгэж байдаг. 

Үнэндээ Та ухамсартаа юу тээж явна түүнийгээ л тойрон буй ертөнцөөс харж бас өөртөө татаж байдаг. Тиймээс бүх зүйлс гадаад хүчин зүйлээс бус дотоод хүчин зүйлс буюу танаас, таны өөрийгөө болон ертөнцийг үзэх үзлээс хамаардаг байх нь . 

Ёстой урт оршил биччихлээ. Ингээд залхуучуудад зориулж бичсэн 300-аад хуудас номноос амьдралдаа хэвшүүлэх хэдэн санааг түүвэрлэн хүргэж байна.

Бодлын ертөнц буюу Inside out гэдэг киног та бүхэн үзсэн байх. Түүн дээр гардагтай нилээд төстэй зүйлс бидний биед явагддаг байна.

1)
 - Хүний бодол санааны төв, сэтгэл хөдлөлийн төв, биеийн булчин гурав хоорондоо нягт уялдсан байдаг бөгөөд энэ гурав мөнхөд бие биендээ "Заа" гэж хэлэн толгой дохиж байдаг. Хэрэв нэг нь хаашаа ч юм явбал нөгөө хоёр нь араас нь салахгүй дагана. Тиймээс маш хэцүү зүйл тохиолдох, нөхцөл байдал онцгүй байгаа үед дээрх гурваас алийг нь удирдах амархан бэ?
 * Сэтгэл санааны байдал ямар ч хөдөлгөөнд автамтгай байдаг тул хэдхэн хором л барьж болдог. Дараа нь анхаарал жаахан сарнихад тэр дороо өөр болчихдог.
 * Харин бодол санааг өөрчлөх нь мөн л тусыг олохгүй. Хөл хөдөлгөөн ихтэй төмөр замын буудалтай адил байнгын эмх замбараагүй хөдөлгөөнд байдаг тул түүнийг журамлана гэдэг амаргүй.
 Хамгийн бага эсэргүүцэлтэй замаар явъя гэвэл биеийнхээ булчингуудаа удирдах буюу "Булчнан засал"-н арга.
 Булчнан засал гэж юу вэ? Үүгээр дамжуулж юуг өөрчлөх вэ?
  -  Булчнан засал гэдэг нь : Биеийн галбир төрх, царайны хувирлаа хүчээр албадан өөрчлөх замаар эрүүл мэнд, сэтгэл санаагаа сайжруулж илүү аз жаргалтай байх боломжийг бүхэлд нь удирдаж явуулна гэсэн үг. Хэрэв булчнан засал өөрчлөгдвөл сэтгэл хөдлөл, бодол санаа дагаад өөрчлөгддөг. Учир нь тэдгээр нь сэтгэл хөдлөлийн төвтэй зэрэгцэн байдаг байна.  Уур хилэн бадарч сэтгэл санаа гундуу тавгүй байгаа үед та толинд тулж очоод худлаа хуурамчаар инээмсэглэн тэр хэвээрээ 5 минут зогс. Таван минутын дараа Та баяр баясгалантай болж эхлэх бөгөөд бодол санаа ч бас тань гэнэтийн бэлэг барих болно.


2)  Okтава төлөвт өөрийгөө байлга

Октава бол таны хувьд ямар нэг хуучин бас шинэ зүйл юм. Түүнийг  үгээр тайлбарлах ямар ч боломжгүй бөгөөд зөвхөн мэдэрч л болдог. Энэ бол оюун санааг дасгалжуулах онцгой дасгал. Бла бла бла.  Мэдэхийг хүсвэл дэлгэрэнгүй тайлбарлаж болно.


3) Анхны блог хэт нуршуу урт болох гээд байсан тул уншигчийг залхаахгүйн тулд ингээд дуусгая.

Эцэс нь хэлэхэд : Таны дотор асар том очир эрдэнэ байна. Гагцхүү түүнийг олж өнгөлөн боловсруулж бүхий л талст нь сацран гялалзаж байгахаар байршуулах хэрэгтэй.  Тэр цагт та бүхнийг  өөрөөр харж амьдралдаа шинэ шинэ боломж байгааг нээн олох болно.

Дээрх бүгдийг би  "Ховорхон тэнэгийг хосгүй туршлага"  номноос олж мэдсэн бөгөөд энэхүү блогийг залхалгүй уншсан хүн бүр тэр номыг гүйцээн уншихыг зөвлөж байна. Дурдагдаагүй маш олон санаа үлдсэн болно.

Надад гарсан үр дүн: Хамгийн сонирхолтой Солонгос савангийн дуурь шиг өдөр бүр хачин жигтэй асуудал шийдэл, өрнөл дунд өнгөрдөг амьдралдаа би үнэхээр Enjoy байж чаддаг болсон. Хамгийн гол нь өөрийгөө олсон.

PS : Анхны блогоо ингэж хайнга бичиж байгаадаа итгэж чадахгүйнээ. Бас хэтэрхий нуршуу болсоныг ч мэдэж байна. Гэхдээ юу гээ, би айхгүй байна. Хөндлөгийн хүмүүст буруутгагдхаас ч айхгүй байна. Гэхдээ жохоон айж байна, бас айхгүй байна. Ингэж л хүчээр дуусгахгүй бол энэ пост мөнхөд draft хэвээрээ үлдэх байлаа...