Thursday, June 23, 2016

Хэрхэн ямар ч алдаа гаргахгүй, бүх зүйлийг төгс хийх вэ?

Din din :  Энэхүү блогийг дөнгөж саяхан мартахын аргагүй аймаар том алдаа гаргасан нэгэн ажилтандаа, харц нь гунигтай байх болсон нэгэн найздаа зориулав.

   Буруу шийдвэр, алдаатай сонголт, муу гүйцэтгэл гэж хэзээ ч байдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
Яагаад би тэгж боддог вэ гэвэл :
   Ямар ч хүн үргэлж л зөв шийдвэр гаргаж, зөв сонголт хийж, хамгийн сайнаараа л аливаа ажлыг  гүйцэтгэхийг зорьдог. Дүүрчихсэн тэнэг, хорон санаатай садист биш л бол хэн ч мэдсээр байж албаар буруу шийдвэр гаргаж , тэнэглэж амьдрахыг хүсэхгүй нь лавтай.

Тухайн цаг үед таны зөв гэж бодсон бүхэн зөв, хамгийн сайнаараа хийлээ дээ  гэж бодсон бодол чин ч бас үнэн байсан.  Гэхдээ л  өнөөдрийг хүртэл хамгийн зөв гэж бодсоноо л хийж ирсэн атал бүх зүйл бүтэлгүйтэх үед юун түрүүнд өөрийгөө л буруутгаж гунигийн бараан үүлийг өөр дээрээ дуудаж, хүйтэн бороонд ганцаархнаа норохыг хүсэх хэрэггүй.

   Өнгөрсний буруу шийдвэр, өнгөрсний гуниг харуулсал, өнгөрсний алдаа...

Энэ бүхнийг байнга л  санагалзан дурсаж одоодоо авч ирсэнээрээ одоогоо гуниг харууслаар дүүргэж дараагийн ганц хоромд ч аз жаргалгүй байх шалтгаанаа бүтээж, дахин алдах учир шалтгааны үр үндсийг ургуулсаар байдаг.

Яагаад тэгэх ёстой вэ? Бүх зүйл өнгөрсөнд болоод өнгөрсөн шүү дээ.

оРокит Бэйгийн дуун дээр гардаг :
... Чиний онгойлгосон хаалга бүр зөв байгаагүй
Урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй...  гэдэг шиг.

    Нээж үзэхээс нааш мэдэхгүй гэдэг бол үнэн.  Гэхдээ нээсэн хаалга  чин бас алдаа байсан гэдгийг хэн батлах юм бэ? Алдаа бүхэн чин өөрөө асар том сургамж биш гэж үү? Сургамж бүхэн чамд туршлага болж, чамайг  хатуужуулж, илүү хүчтэй болгосоноороо чиний амжилтын нэгэн гишгүүр шат нь болдог биш гэж үү?
     Амьдрал чиний дааж чадах ачааг л чамд үүрүүлдэг гэдэг үг байдаг. 
Амьдрал чамайг сургаж, илүү хүчирхэг нэгэн болгох  гээд байхад түүнийг нь ойлгохгүй уйлж унжаад, нусаа хацартаа наагаад яваад байх юмаа.  Хүчтэй бай л даа найзаа.  Хувь заяатайгаа эвлэрч бууж өгөхийн оронд тэмц л дээ над шиг.

 Хэрвээ нөхцөл байдлыг  чи өөрчилж чадахгүй бол түүнд хандах хандлага, харах өнцгөө өөрчлөх нь хамгийн зөв шийдвэр байх болно.
Өнгөрсөн бүхэнтэйгээ зууралдаад байлгүй : 

"What is the next right move?"  гэж өөрөөсөө байнга асуу!  


Миний бодлоор буруу шийдвэр, алдаатай сонголт, муу гүйцэтгэл гэж хэзээ ч байдаггүй.  Харин таны бодол?

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа