Thursday, July 7, 2016

Эртэч эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэхийг урьж байна

Би эртэч эмэгтэй.  Өглөөний хүн болохын тулд 2 жилийн турш өөртэйгээ тэмцэж ирсэнийг зарим нэг фэйсбүүкийн найзууд мэдэх байх.  Гэхдээ яагаад өөрийгөө тамлан байж 5 цагт үсдэж босгох ёстой гэж? гэсэн асуултанд хариулах миний цорын ганц хариулт бол :
(За шууд тайлбар өгөхгүй бүүр эхнээс нь товчхон явъя.)
Унтаахай болсон нь :

Анх хүүхдээ гаргаад гэртээ нэг жил байх хугацаанд бүхий л ээжүүдийн адил шөнө хүүгээ хөхүүлээд нойр муутай хонож өдөр нь хүүтэйгээ эн зэрэгцэн унтах болсоноор энэ бүхэн эхэлсэн юм. Хүүхэд томорч, цэцэрлэгт орж, шөнө бүтэн нойртой хонодог болсон ч ээж гуай өглөөгүүр сайхан унтдаг хэвээрээ л байв. 7 цагт тавьсан сэрүүлгээ snooze хийсээр 8:30 –д босоод гэр дотроо мөргөлдөх шахам зөрөлцөж, угаалтуур нойлоо булаацалдаж, өглөө цайгаа ч уухгүй хам хум хувцаслан гарч, цэцэрлэг хаалгаа барихын даваан дээр арай чүү амжин хүүгээ оруулж өгөөд Ёоох гэж санаа амраад ажилдаа явдаг байв. Хувиараа юм хийхийн давуу тал нь хүссэн цагтаа ажилдаа ирж болдог нь сайхан юм даа... гэж бодон додигор байдаг байваа нэг хэсэг.

Тэмцэл хийсэн нь :
Урьдийн адил хоцрох шахам хүүгээ цэцэрлэгт нь өгөх гээд явж байхдаа нэг төгс эмэгтэйг цэцэрлэг дээр харж өөрийгөө харьцуулсанаар ухаарал ирсиймдаа. Тиймэрхүү зүйлийн дараа бол эрт босох арга чарга хайж зөндөө гүүглдэв. Тэгж яваад янз бүрийн арга хэрэглэж,  фэйсбүүк дээр найзуудынхаа өмнө амлалт хүртэл өгч өөрийгөө олны өмнө шатааж байв.  Найзууд уулзаж таараад ярины эхний сэдэв: Чи өглөө эрт босдог хэвээрээ юу ? ч гэжаах шиг.  Заримдаа хариулхаас гялс бултаж, ярианы сэдвийг нь өөрчлөнө, заримдаа бантсандаа тиймээ босжийгоошдээ гэж худлаа хариулж, заримдаа No, I’m Looser гэж хэлдэг байв. Аймшигтай хариулт.

Өглөөний хүн болсон нь :
Яг хэзээнээс өглөөний хүн болсоноо санахгүй байна. Маш их тэмцэл хийж, өөрийгөө хүчилж байх үед би өглөөний хүн болж чадаагүй. Маш их стресстэй, бухимдалтай байдаг байсан. Дахиад л чадсангүй, дахиад л унтчихсан байна гэсэн мэдрэмжтэй босно гэдэг там байлаа...
 Харин бясалгалд явсаны дараанаас багшийн хэлсэн : Бүхнийг энгүүн тааваараа хий гэсэн үг намайг өөрчлөв. Нэг л өдөр бүх зүйлийг зөнд нь хаясан.
Тэмцэхээ больсон тэр үеэс,
Зарим өглөө ядраад унтчихдаг байсан ч өөрийгөө уучилж сурсан тэр мөчөөс
Өөрийгөө хайрлаж, жоохон ч гэсэн амжилтаа дэмжих болсон тэр үеэс л  өглөөний хүн болж эхэлсэн байх гэж бодох болов.

Өглөөний эмэгтэйн гоё мэдрэмж:
Гайхамшигтай.  Ихэнхдээ сэрүүлэг дугархаас өмнө сэрдэг болов. Өглөө урьд урьдийнхаас илүүтэй тайван, аз жаргалтай байдаг болов. Өглөөг сайхан угтсанаар тэр өдөржингөө тийм мэдрэмж дунд байдаг болов. Өглөөний цайгаа бэлдэж гэр бүлээрээ уугаад гардаг болов. Нэг ч сандрал, яарал гэсэн мэдрэмжгүй болов. Ажилдаа 8 цагт ирэхэд аль хэдийн эхний хүн 7:30-д ирчихсэн байвал яахуу? Тийм шүү, эртэч хамт олонтой болов. Гол ажлуудаа 8 -10 цагийн хооронд цнцрааааан гээд л хийчихдэг болов. Бүтээлч цагийг зөв, үр дүнтэй ашиглах болов. Тиймээ, бид тун ч удахгүй салбартаа эксперт нь болох нь тодорхой. Жоохоон цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд л болоо. Өглөөний эмэгтэй өөр олон олон ажлыг амжуулж сурч байна.

Эртэч эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэх хүмүүст хэлэг үг:
Аливаа зуршлыг өөртөө бий болгохын тулд 21-40 өдөр тасралтгүй хийх хэрэгтэй гэж олон ч номноос уншсан даа. Youtube –дээр ч энэ талаар зөндөө байгаа. Зун цаг бол өглөөний хүн болж сурахад хамгийн тохиромжтой сайхан цаг. Чи эрт босох талаар их удаан бодсон бол одоо үйлдэл хийх цаг болжээ.  Надад ирсэн өөрчлөлт миний хувьд маш чухал амжилт байсан.
 Энэ бяцхан амжилт миний гэр бүлийн амьдралд, миний ажилд, миний өөртөө итгэх итгэлд үр шимээ  өгсөн.  
Одоо илүү олуулаа болцгооё. Би бүх туршлагаа хуваалцахад бэлэн байна.
Зуршил бүтээгч гэдэг номонд ийм нэгэн санаа байдаг:
-          Чи өөрийнхөө ганцхан гол муу зуршлыг өөрчилсөн байхад дагаад маш олон гайхалтай шинэ зуршлууд аяндаа бий болдог гэж...
Тэр үнэхээр үнэн. Би өглөө босохын тулд орой эрт унтдаг, хүүхдүүдээ эрт унтуулж, оройдоо бэлтгэлээ хангадаг болсон гэх мэт...
Эмэгтэй хүн эрт босох шалтгаан нь нөхрийнхөө төлөө биш, хүүхдүүдийнхээ төлөө биш, өөрийгөө хөгжүүлэхийн төлөөтөд байгаасай гэж хүснэм.

Иймд Өглөө эрт босох хүсэлтэй, түүний үр шимийг хүртэхийг хүсэгчдэд туршлага хуваалцах зорилготой Эртэч эмэгтэйчүүдийн фэйсбүүк групп нээснээ мэдэгдэж байна. Хамтдаа хичээцгээе.  

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа