Friday, July 1, 2016

Гэр бүл үү? Карьер уу? (Эмэгтэйчүүдэд хамаатай сэдэв. Гэхдээ эхнэртэй эрчүүд унш)

Надад гурван төрлийн найз байдаг.\
  1.   Карьер хөөсөн мундаг эмэгтэйчүүд. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж, өөрийгөө цаг ямагт боловсруулж, тушаал ахиж, эрчүүдтэй эн зэрэгцэн үзэлцдэг. Хаа нэгтэй удирдах албан тушаалд л байдаг. Өөртөө бүхнийг зориулдаг. 
  2. Сайн гэрийн эзэгтэй чүүд.  Хүүхдүүдээ сайн харж, гэрээ сайн цэвэрлэж, хоолоо сайн хийж нөхрөө сайн халамжилдаг гайхамшигтай бүсгүйчүүд.  Гэр бүлдээ бүхнийг зориулдаг.
  3. Дээрх хоёрын аль нь  ч биш ч гайхамшигтай гэр бүлтэй, гайхалтай ажил  төрөлтэй бүхнийг амжуулж, ажлаа ч амьдралаа ч тэнцвэртэй авч явдаг бүсгүйчүүд. Өөртөө ч гэр бүлдээ ч цагаа зориулж чаддаг.

Эхний бүлэгт хамаарах найзууд мэдээж ганц бие, хоёр дахь бүлэгт хамаарах найзууд мэдээж ажил хийдэггүй. Гурав дахь бүлгийнх нь хэтэрхий эрч хүч, тэмүүлэлтэй. Гэхдээ үнэн күүл.

Эхний бүлгийн найзуудын асуудал : Эрчүүдийг голдог, хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Цаашдаа ч улам бүр голох хандлагатай.

Хоёр дахь бүлгийн найзуудын асуудал:  Гэрээсээ гардаггүй. Найзуудтайгаа уулздаггүй, өөрийгөө гээсэн эсвэл гээх шатандаа орж буй бүсгүйчүүд. (Энд нөхрүүд бас буруутай.)

Гуравдах бүлгийн найзуудын асуудал : Асуудлаа яаж шийдэх вэ? гэдэгт хариулт олох. Тэд ямар ч асуудал гарсан яаж ийгээд л зохицуулж орхидог.  Бүхнийг амжуулахын төлөө зүтгэдэг, тэмцдэг.

          Бид өөрсдийн хийсэн сонголтоороо л амьдардаг.  Тийм эрх нь ч бий.  Гэхдээ миний бодлоор сонголт гэдэг  нь  А юмуу Б хувилбараас аль нэгийг нь  сонгоно гэсэн үг биш.  Энгийнээр ажил юмуу карьерын аль нэгийг сонгох биш хоёуланг нь сонгох сонголт ч бас бидэнд байдаг.

        Хүн гэдэг нийгмийн амьтан. Нийгмийн хамгийн жижиг нэгж нь гэр бүл.  Хүнд гэр бүлээсээ аз жаргал, хайрыг мэдэрч, мэдрүүлэх хэрэгцээ шаардлага мэдээж байдаг.  Түүнээс цааш нийгэмтэйгээ харьцаж өөрийгөө илэрхийлж, бусадтай харилцаж оршин буйгаа мэдрэх  нь  маш чухал гэж би боддог. Эс бөгөөс гэртээ л байгаад байвал аажимдаа зэвэрч эхлэнэ. Өөрийгөө ч тоохоо больж, үнэ цэнээ алдаж, өөрийгөө гээж эхлэнэ. Нөхөртөө ч гээгдэж болзошгүй.  Би хэн бэ гэдгээ бүр мөсөн мартах болно.  Тэгээд нэг л өдөр эмээ болно.
Дараах асуултыг өөрөөсөө асуух болно:
-          Би юуны төлөө амьдрав? Юу хийж бүтээв?
-          Хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан билүү ? 
-          Аз жаргалтай амьдарч чадсан уу?  гэж . 

 Хариулт нь сайнгүй  байвал :

Хэрвээ  Цаг хугацааг ухраавал, би ийм биш тийм сонголтыг хийх байсан гэж мөрөөдөнө.
Гэхдээ тэр үед  аль хэдийн бүх зүйл оройтсон байх болно.

Тэгж харамсахыг хүсэхгүй байгаа бол  өөрөө тэмцэх хэрэгтэй байхаа. Ядаж л өглөө эрт бос. (Удахгүй эртэч эмэгтэйчүүдийн клубын талаар дараагийн блогтоо оруулнаа. )

Эхнэрээ гэртээ суулгах дуртай нөхрүүдэд :

Хайр бол өмч биш, хайртай хүндээ дүүлэн нисэх эрх чөлөөг эргэн ирэх шалтгаантай нь өгдөг байхыг хэлдэг гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг.  Эхнэрээ хэзээ ч бүү өмчил.  Хүсэл сонирхолыг нь хэзээ ч бүү унтраа. Хайртай л юм бол түүнийгээ дэмж, хүсэл мөрөөдлөөр нь амьдруул.  Яг л цэцгэнд ус өгвөл ургаж, ус өгөхгүй бол хатаж үхдэгтэй адил. Хайрыг өгөх тусам өсөж үрждэг, харамлах тусам хатаж хорчийдог.
Эр хүнийг үнэлэхдээ хажууд  ханилан сууж буй бүсгүйнх нь нүдний гал цогоор дүгнэж болдог гэж хэн нэгний хэлсэн үг зурсхийв.  Та яг одоо эхнэрийнхээ нүдийг хараад өөртөө дүн тавиараа. Хэрвээ онц тавьсан бол баяр хүргэе. Мундаг юмаа гэж хэлмээр байна. Харин муу тавьсан бол яг өнөөдөр эхнэртэйгээ ярилц, хүсэл мөрөөдлийг нь асуу. Аз жаргалтай байгаа эсэхийг нь асуу, яаж би чамд туслах  вэ? гэж асуу. Эхнэр чин хүсэл мөрөөдлөө мэдэхгүй байгаа бол хамтдаа хайлц. Хайрыг өг. Бүү харамла. 





No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа